Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа нь Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулахад шаардлагатай төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, эрхзүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, менежментээр хангаж ажиллах чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр баталсан “Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл боловсруулах” 2022/22 дугаартай ажлын даалгаврын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур сумдад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх ажил хийгдэж, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр магадлалын нэгдсэн дүгнэлт гарсан.
Тус техник, эдийн засгийн үндэслэлд 3 байршлын хувилбарыг дараах тохиромжтой байдлын үнэлгээнд үндэслэн тодорхойлсон. Үүнд:
1. Усан сан бүхий газар
2. Намагжилт
3. Хөрс
4. Инженер-геологийн мужлал
5. Ургамалжилт
6. Тусгай хамгаалалттай газар нутаг
7. Газрын гадаргын температур
8. Усны нормчлогдсон индекс
9. Ургамлын нормчлогдсон индекс
10. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалт
11. Газрын гадаргын өндөржилтийн үнэлгээ
12. Газрын гадаргын налуужилтын үнэлгээ