Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа нь Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулахад шаардлагатай төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, эрхзүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, менежментээр хангаж ажиллах чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ.
“Хархорум” хотыг сэргээн байгуулах газар нь Улаанбаатар хотоос 360 км зайтай Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сумын нутаг дэвсгэр Орхоны хөндийд байрлана.
Орхоны хөндий нь эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол улсын Хархорум хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм.
Хагайн нуруун дахь ариун дагшин Өтүкэн (Хангайн уул) ойг дэлхийн ертөнцийн төв хэмээн үзэж тус газрыг эзэгнэж авсан бол умард хийгээд өмнө, дорно хийгээд өрнө, дөрвөн зүг найман зовхисын улс иргэнийг хураан захирах болно гэсэн үзэл санаанд үндэслэн Чингис хаан Орхоны хөндийд Нийслэл хотоо байгуулж байжээ.
Эртний Түрэгийн алдарт жанжин Куль-тегиний гэрэлт хөшөөнд: “ӨТҮКЭН ЙИС (ЭНЭ НЬ ХАНГАЙН ОЙ ХӨВЧИТ УУЛ ГЭСЭН ҮГ)-ТЭЭ НУТАГШИН ӨГСӨН УРУУДАН БАЙВАЛ, ЯМАР Ч МУН (ЗОВЛОН) ҮГҮЙ. ӨТҮКЭН (ХАНГАЙ)-ИЙ ХӨВЧИД НУТАГЛАВАЛ МӨНХ УЛС БОЛОН НУТАГЛАХ ЧИНЬ ТЭР” хэмээн бичигдэн үлджээ
Эзэн Чингис хаан их ор суусны XV он, цагаан луу жил буюу 1220 онд Их Монгол Улсын нийслэл “Хархорум” хотыг Монгол түмний ариун гал голомт, Орхон голын уудам хөндийд байгуулах зарлиг буулгаж их хот байгуулах ажлыг эхлүүлсэн. Хархорум хотыг цогцлоон хөгжүүлэх үйл хэргийг Өгэдэй хаан нэр төртэй үргэлжлүүлж, Гүюг, Мөнх хааны үед хотын суу алдар дэлхий даяар түгэн манджээ. Хархорум хот нь олон газрын эрдэмтэн мэргэд, уран бүтээлчид, гар урчууд, худалдаачид, орон орны хаад язгууртны элч төлөөлөгч нар аж төрж, морилон саатдаг дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв байсан юм.
Эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт өрнө дорнын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г тогтоосон төдийгүй Хархорум хотод Ислам, Христос, Будда зэрэг олон шашинтан нэг дор зэрэгцэн амьдарч, өөр хоорондоо ойлголцон, зөрчил тэмцэлгүй амар амгалан аж төрж байсан нь хүн төрөлхтний “Энх тайвны бэлгэ тэмдэг” хот байсныг тухайн үед зочлон ирж байсан гадны илч төлөөлөгчид, худалдаачдын тэмдэглэл, түүхэн судар, бичиг, археологийн малтлага, хайгуул зэрэг эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ.